Үндсэн агуулга руу шилжих
Мэдээ рүү буцах

2026 оны хамгийн сонирхол татахуйц технологийн 3 стартап

2026 оны хамгийн сонирхол татахуйц технологийн 3 стартап

2026 онд хиймэл оюун ухаан, роботик болон сэргээгдэх эрчим хүчний технологи лабораторийн туршилтаас бодит хэрэглээ рүү улам хурдтай шилжиж байна. Энэ чиг хандлагыг Rhoda AI, Active Surfaces, Nori зэрэг шинэ үеийн стартапуудын технологи тодорхой харуулж байна.

1. Rhoda AI – Роботын “тархи”-г бичлэгнээс сургана

Rhoda AI нь роботыг зөвхөн урьдчилан заасан хөдөлгөөнөөр ажиллуулахын оронд бодит ертөнцийн өөрчлөлтийг урьдчилан таамаглаж, түүнд үндэслэн өөрөө үйлдэл хийх боломжтой хиймэл оюун ухааны систем хөгжүүлж байна. Тус компанийн FutureVision технологийн гол суурь нь Direct Video-Action (DVA) загвар юм. Энэхүү системийг интернетийн хэдэн зуун сая бичлэгээр урьдчилан сургаж, хөдөлгөөн, физик орчин болон үйл явдлын дарааллыг ойлгох чадвартай болгодог. Дараа нь роботын цөөн хэмжээний бодит өгөгдлөөр нэмэлт сургалт хийж, AI нь “дараагийн мөчид юу болох вэ?” гэдгийг бичлэг хэлбэрээр урьдчилан таамаглана. Тэр таамаглалыг тусгай загвар роботын бодит хөдөлгөөн болгон хөрвүүлдэг. Энэ арга нь уламжлалт роботын системээс ялгаатай. Өмнө нь роботыг тодорхой нэг ажлыг олон давтамжтай хийлгэхийн тулд тухайн үйлдэл бүрт зориулсан их хэмжээний роботын өгөгдөл, нарийн заавар шаарддаг байсан. Харин Rhoda AI веб дээрх асар их хэмжээний видео мэдээллийг ашиглан роботын сургалтын өгөгдлийн хэрэгцээг багасгахыг зорьж байна. Компанийн судалгаагаар зарим урт хугацааны бодит ажлыг ойролцоогоор 10–20 цагийн роботын өгөгдлөөр сургах боломжийг харуулсан байна. 2026 оны гуравдугаар сард Rhoda AI 450 сая ам.долларын Series A хөрөнгө оруулалт татаж, компанийн үнэлгээ нь 1.7 тэрбум ам.долларт хүрсэн. Мөн 2026 оны есдүгээр сард хийсэн туршилтаар веб видеоноос урьдчилан сургасан том хэмжээний загварууд бодит үйлдвэрийн роботын гүйцэтгэлийг сайжруулж байгааг 200 гаруй цагийн роботын туршилтаар шалгасан байна.

Иймээс Rhoda AI-ийн гол шинэчлэл нь “роботод камер суурилуулах” биш, харин бичлэг ашиглан физик ертөнцийн дараагийн төлөвийг урьдчилан төсөөлдөг AI-г роботын удирдлагын систем болгох явдал юм.

2. Active Surfaces – Нааж суурилуулдаг уян нарны хавтан Active Surfaces уламжлалт хүнд, хатуу силикон хавтангийн оронд перoвскит материалд уурилсан нимгэн, уян нарны энергийн хальс хөгжүүлж байна. Технологийн гол давуу тал нь нарны эсийг маш нимгэн субстрат дээр байрлуулж, үйлдвэрлэлийн roll-to-roll хэвлэх технологиор үйлдвэрлэх боломжтойд оршино. Зарим загвар нь ердөө 15 микрон хүртэл нимгэн бөгөөд барилга, хана, муруй гадаргуу зэрэг уламжлалт нарны хавтан суурилуулахад хүндрэлтэй хэсэгт ашиглах боломжтой. Гэхдээ ийм төрлийн технологи өмнө нь амжилтгүй болсон жишээ бий. Solyndra зэрэг нарны технологийн компаниуд инновацийн бүтээгдэхүүнтэй байсан ч зах зээлийн үнэ огцом өөрчлөгдөж, үйлдвэрлэлийн өртөг өрсөлдөх чадваргүй болсноор 2011 онд дампуурсан. Мөн уян нимгэн нарны технологи хөгжүүлж байсан Konarka Technologies 2012 онд нэмэлт санхүүжилт авч чадаагүйн улмаас дампуурсан. Active Surfaces эдгээр өмнөх туршлагаас ялгаатайгаар зөвхөн нарны эсийн үр ашгийг бус, үйлдвэрлэлийн өртөг, жин, суурилуулалт болон масс үйлдвэрлэлийг зэрэг шийдэхийг зорьж байна. 2026 оны байдлаар компани 10 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт, буцалтгүй тусламж татаж, үйлдвэрийн хэмжээнд үйлдвэрлэх туршилтын байгууламжаа хөгжүүлж байна. Мөн бодит орчинд хийсэн анхны дээврийн туршилтаа амжилттай гүйцэтгэсэн байна.

3. Nori – Хямд үнээр гэрийн ажилд туслах робот

Nori нь өндөр үнэтэй үйлдвэрлэлийн роботуудаас ялгаатайгаар өдөр тутмын гэрийн ажилд ашиглах боломжтой, харьцангуй хямд хоёр гарт хөдөлгөөнт робот хөгжүүлж байна. Nori A3 нь 19 хөдөлгөөний эрх чөлөөтэй (19-DoF), хоёр гар тус бүрдээ 7+1 DoF-той. Робот орчноо LiDAR болон дөрвөн камераар мэдэрч, 1.5 кг хүртэл ачаа өргөх боломжтой. Мөн хэрэглэгч Nori Lab компьютерын аппликейшнээр дамжуулан роботыг удирдаж, шинэ ур чадвар сургах боломжтой. Гэрийн роботын зах зээл өмнө нь Anki, Jibo, Kuri зэрэг компаниудын бүтэлгүйтлээс болж томоохон сорилттой тулгарч байсан. Гол асуудал нь роботыг үйлдвэрлэхээс гадна хэрэглэгчдэд хангалттай хэрэгтэй функцтэй, боломжийн үнэтэй бүтээгдэхүүн болгох явдал байв. Nori энэ асуудлыг үнийг бууруулах замаар шийдэхийг оролдож байна. Nori A3-ийн үнэ 1,688 ам.доллар, 2026 оны намар нийлүүлэлт хийхээр төлөвлөсөн бөгөөд гал тогоонд туслах, эд зүйл зөөх, аяга таваг хийх, хувцас эвхэх зэрэг өдөр тутмын ажилд ашиглахаар хөгжүүлж байна.

Дүгнэлт

Эдгээр гурван стартапын технологи өөр өөр салбарт чиглэж байгаа боловч нэг нийтлэг зүйлтэй. Rhoda AI хиймэл оюун ухааныг роботын “тархи” болгож, Nori роботыг бодит хэрэглэгчийн гэрт хүргэхийг зорьж байгаа бол Active Surfaces нарны эрчим хүчийг өмнө нь ашиглахад хүндрэлтэй байсан гадаргуудад хүргэх боломжийг бий болгож байна.2026 оны байдлаар эдгээр технологиуд зөвхөн санааны түвшинд бус бодит үр дүн үзүүлж эхэлжээ. Rhoda AI үйлдвэрийн роботын туршилтад бичлэгийн сургалттай AI загвараа ашиглаж байгаа бол Active Surfaces бодит дээвэр дээр уян нарны хавтангаа туршиж, масс үйлдвэрлэлийн бэлтгэлээ хийж байна. Nori харин 1,688 ам.долларын үнэтэй роботыг хэрэглэгчдэд хүргэх шатандаа оржээ. Гэхдээ эдгээр технологийн амжилтыг зөвхөн хөрөнгө оруулалт эсвэл өндөр үнэлгээгээр хэмжих боломжгүй. Өмнөх стартапуудын бүтэлгүйтэл харуулснаар технологи сайн байх нь хангалтгүй бөгөөд үйлдвэрлэлийн өртөг, найдвартай ажиллагаа, хэрэглэгчийн бодит хэрэгцээ, зах зээлд нэвтрүүлэх чадвар хамгийн чухал хүчин зүйл хэвээр байна. Ялангуяа Active Surfaces-ийн ашиглаж буй перовскит технологид урт хугацааны тогтвортой байдал, үйлдвэрлэлийн цар хүрээ, хар тугалганы хоруу чанар зэрэг асуудал одоо ч судалгааны гол сэдэв хэвээр байна.

Эх сурвалж

https://www.reuters.com/technology/rhoda-ai-raises-450-million-17-billion-valuation unveils-robot-intelligence-2026-03-10

https://mitsloan.mit.edu/ideas-made-to-matter/mit-climate-tech-startups-to-know

https://techcrunch.com/2026/09/13/the-9-buzziest-startups-from-y-combinators-latest-demoday-according-to-vcs

https://www.weforum.org/stories/emerging-technologies/meet-the-2026-technology-pioneers